Мөнгөний бодлогын мэдэгдэл - 2026

Монголбанк геополитик болон гадаад орчны тодорхой бус байдлыг харгалзан бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан бөгөөд алт, зэсийн үнэ түүхэн өндөр түвшинд хүрсэн нь Монгол Улсын худалдааны нөхцөлд эерэг нөлөө үзүүлжээ.

Дэлгэрэнгүйг МУ-ын онцлох үйл явдал хэсгээс уншаарай.

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД ШИНЭ 7 ХОНОГИЙН МЭНД ХҮРГЭЕ!


Хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргалтад тань туслах үнэн бодит мэдээлэл, судалгаа шинжилгээнд суурилсан “Тоймлоё - Эдийн засаг, зах зээл, боломжууд” товхимлыг хүргүүлж байна.


ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ

  • Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B1”, төлөвийг “Тогтвортой” хэвээр хадгалж, 2026 онд эдийн засгийн өсөлт 6.5% орчим байна гэж таамаглалаа.
  • Английн Төв банк бодлогын хүүгээ 3.75%-д хэвээр хадгалж, инфляцын III улирлын төсөөллөө 3.5% болгон нэмэгдүүллээ.

  • "Монголын хөрөнгийн бирж" ХК “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн 69,171 ширхэг энгийн хувьцааг нэмэлтээр бүртгэж, компанийн нийт хувьцааны тоо 61.9 саяд хүрлээ.
  • “Alibaba Group” ойрын таван жилд хиймэл оюуны орлогоо тав дахин өсгөж, жилд 100 тэрбум ам.долларт хүргэх зорилтоо танилцууллаа.
  • Nvidia компани БНХАУ-ын хэрэглэгчдэд зориулан хиймэл оюуны H200 чипийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, Хятадын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх зорилгоо илэрхийллээ.
  • Монголбанк бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Инфляц 2026 оны 2-р сарын байдлаар 6.5%-д хүрч, зорилтот интервалын голч руу дөхөж байгаа ч шатахуун болон хүнсний үнийн өсөлт эрсдэл хэвээр байна.
  • Монголбанкнаас санаачлан “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяныг “Мөнгөө ухаалгаар удирдъя” уриан дор эхлүүллээ.
  • Зэсийн үнэ гуравдугаар сарын 19-нд тонн нь 12,262 ам.доллар болж, өмнөх сараас хойших доод түвшинд хүрэн 3%-иар буурлаа.

✨ ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ 

🏆 Үнэт цаасны давуу тал: 


✅ Үнэт цаас гаргагч: Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК (МИК ОССК)
✅ “МИК Холдинг” ХК‑ийн баталгаатай
✅ Тогтмол хүүтэй хаалттай бонд (биржийн бус зах зээл)
✅ Хүүгийн төлөлт тогтмол – хагас жил тутам
✅ Хөрөнгөө найдвартай өсгөх боломж
✅ Транчийн нөхцөл (жилийн хүү):
 • ₮ 12 сар – 17.5%
 • ₮ 18 сар – 18.0%

 • ₮ 24 сар – 18.5%

 • ₮ 36 сар – 19.0%
✅ Олон улсын зээлжих зэрэглэл: Moody’s B3 (Тогтвортой), S&P Global B- (Тогтвортой)


👉Та доорх холбоос дээр дарж мэдээллээ оруулснаар манай хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөхүүд тань руу холбогдож үнэт цаасны дэлгэрэнгүй мэдээлэл болон арилжаанд оролцох заавар хүргэх болно.


📞 Холбоо барих: 7010-0261, 8008-8704

ХӨРӨНГӨ ОРУУЛАХ


МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

МУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ЯМАР ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРСАН БЭ?

  • Монгол Улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 52,006.19 нэгжид хүрч 1.51 хувийн уналттай хаагдлаа. 

  • Мөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд МХБ нийт 6,991 хэлцэл гүйцэтгэсэн ба хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 13,617 тэрбум төгрөг болжээ.

  • "Шивээ овоо" ХК-ийн хувьцааны үнэ долоо хоногийн 22.41 хувиар өсөж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их өсөлттэй хувьцаагаар тодров. Харин "Монгол шевро" ХК-ийн ханш -15.00 хувиар унаж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их уналттай хувьцаа боллоо.

МУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ

Монголбанкнаас холбогдох санхүү, боловсролын байгууллагуудтай хамтран “Дэлхийн мөнгөний долоо хоног–2026” аяныг “Мөнгөө ухаалгаар удирдъя” уриан дор эхлүүллээ. Энэхүү аян нь OECD‑оос 2012 онд санаачлагдсан бөгөөд өнөөдөр дэлхийн 170 гаруй улс нэгдээд байна. Монгол Улс 2013 оноос эхлэн тус аяныг жил бүр зохион байгуулж, хүүхэд, залуусын санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн юм.

Өнгөрсөн хугацаанд аянаар дамжуулан 193 мянга гаруй хүүхэд, залуусыг биечлэн хамруулж, давхардсан тоогоор 3.7 сая иргэнд санхүүгийн боловсролын мэдээлэл хүргэжээ. 21 хоног үргэлжлэх энэ жилийн аяны хүрээнд санхүүгийн шийдвэр гаргалт, хуримтлал, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр олон төрлийн сургалт, нөлөөллийн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд зохион байгуулах юм.


Мөнгөний бодлогын мэдэгдэл - 2026-02

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны 3 дугаар сарын 18, 20‑ны хурлаар дотоод эдийн засгийн төлөв сайжирч байгаа ч геополитик болон гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдсэнийг харгалзан бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Гадаад орчинд тарифын бодлогын сөрөг нөлөө хүлээлтээс бага байж, алт, зэсийн үнэ түүхэн өндөр түвшинд хүрсэн нь Монгол Улсын худалдааны нөхцөлд эерэгээр нөлөөлсөн байна.

Гэсэн хэдий ч Ойрх Дорнодын бүс нутагт өрнөж буй мөргөлдөөн нь дэлхийн эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж, түүхий эдийн үнийн өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцыг 2027 оноос 5 хувьд (±2 нэгж хувийн интервал) тогтворжуулах Төв банкны зорилтод нийцэж, дунд хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд чиглэсэн юм.


Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Төгрөгийн хадгаламж энэ оны хоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.6 их наяд төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 19.9 хувь буюу 4.4 их наяд, өмнөх сарынхаас 2.4 хувь буюу 615.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Төгрөгийн хадгаламжийн 82.8 хувь буюу 22 их наяд төгрөг нь иргэдийн, 17.2 хувь буюу 4.6 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Харин валютын хадгаламж 5.3 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.8 хувь буюу 561.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх сарынхаас 5.2 хувь буюу 291.9 тэрбум төгрөгөөр багассан ажээ. 

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 🌍

  АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

ГЕОПОЛИТИКИЙН ЭРСДЭЛ, ИНФЛЯЦЫН ДАРАМТ ГОЛ ИНДЕКСҮҮДИЙГ УНАЛТАД ХҮРГЭВ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын голлох хөрөнгийн индексүүд болох Dow Jones –2.11%, Nasdaq –2.07%, S&P MidCap 400 –1.34%‑иар тус тус уналттай хаагдлаа.


Ойрх Дорнодын геополитикийн эрсдэл нэмэгдэж, газрын тосны үнэ савласнаар инфляцын хүлээлтэд дарамт үүсч, хөрөнгө оруулагчдын эрсдэл хүлээх чадвар буурсан нь зах зээлийн болгоомжлолыг нэмэгдүүлэв. Үүнийг дагаад АНУ-ын 10 жилийн бондын өгөөж 4.38% хүртэл өссөн байна.


ХНС гуравдугаар сарын хуралдаанаараа бодлогын хүүг 3.50–3.75% түвшинд хэвээр үлдээж, энэ онд нэг удаагийн хүү бууралтын төсөөллөө хадгалсан ч инфляц болон эдийн засгийн өсөлтийн таамаглалуудыг дээшлүүлэв. Үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) 0.7%‑иар өсөж 2025 оны долдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн нь инфляцын дарамтыг улам нэмэгдүүлэв


Орон сууцны зах зээл харилцан эерэг дохио өгч, барилгын компанийн sentiment индекс 38 болж сайжирсан ч 37% нь үнэ бууруулсан хэвээр байна. Pending home sales 1.8%‑иар өссөн эерэг үзүүлэлттэй гарсан боловч шинэ орон сууцны борлуулалт 587,000 болж, 2022 оноос хойших хамгийн доод түвшинд уналаа.

  ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

ОЙРХ ДОРНОДЫН ХЯМРАЛ ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХҮЧТЭЙ ДОРГИЛТ АВЧИРЛАА

Өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл өргөн хүрээний уналтаар хаагдаж, STOXX Europe 600 индекс 3.79%‑иар буурлаа. Энэ нь Ойрх Дорнодын хурцадмал байдал, Хоормузын хоолойд нефтийн танкерт болсон халдлага, Катарын хийн терминалуудад учирсан гэмтэл зэрэг эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэлээс голлон шалтгаалав.


Евро бүсийн худалдааны алдагдал 1-р сард 1.9 тэрбум евро болж тэлсэн нь экспортын бууралтаар тайлбарлагдаж, Германы үйлдвэрлэгчийн үнийн индекс жилийн дүнгээр –3.3% буурсан нь эрчим хүчний өртөг багассантай холбоотой ч эдийн засгийн эрч сул байгааг илтгэв. ИБУГ‑ын Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 3.75% түвшинд хэвээр хадгалсан ч эрчим хүчний урт хугацааны шок инфляцыг дахин өдөөж болзошгүйг онцолж, шаардлагатай бол дахин чангаруулах боломжтой гэсэн мэдэгдэл хийв.


Ийнхүү эрчим хүчний хангамжийн эрсдэл, инфляцын өсөлт, эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал Европын хөрөнгийн зах зээлд хүчтэй дарамт үзүүллээ.

  ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

ЯПОНЫ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭРСДЭЛ, ЭКСПОРТЫН ХҮЛЭЭЛТЭЭС 

ШАЛТГААЛАН БУУРАЛТТАЙ БАЙНА

Японы хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт бууралттай хаагдаж, Nikkei 225 –0.83%, TOPIX –0.54%‑иар тус тус унав. Засгийн газар стратегийн нөөцөөс газрын тос гарган үнийн өсөлтийг тогтворжуулахыг оролдсон ч хөрөнгө оруулагчдын болгоомжлол үргэлжилсээр байна.


Эдийн засгийн орчин эрсдэлтэй хэвээр байгаа дунд Японы Төв Банк бодлогын хүүг 0.75% түвшинд хадгалсан бөгөөд шийдвэр нь саналын зөрүүтэй гарсан нь мөнгөний бодлого аажмаар чангарах хүлээлтийг хадгаллаа. Амбан захирагч Уэда газрын тосны өндөр ханш эдийн засгийн өсөлтөд дарамт үзүүлж, импортын инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг онцлов.


Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2.22%‑аас 2.26% болж өссөн нь бодлогын алхам аажмаар хэвийн түвшинд шилжих хүлээлтийг дэмжив. Экспорт жилийн дүнгээр 4.2% өсөж хүлээлтээс давсан ч АНУ, БНХАУ руу нийлүүлэлт буурсан нь эрсдэлтэй хэвээр байна. Харин импортын өсөлт 10.2% хүрснээр худалдааны тэнцэл эерэг гарсан ч дотоодын эрэлтийн тэнцвэрт байдал хэврэг байгааг харууллаа.

  ХЯТАД УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ ХҮЛЭЭЛТЭЭС ДАВСАН Ч ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТОДОРХОЙГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

Хятадын хувьцааны зах зээл өнгөрсөн долоо хоногт уналттай арилжаалагдлаа. Энэхүү уналтад геополитикийн болон эдийн засгийн дотоод эрсдэл хүчтэй нөлөө үзүүлсэн бөгөөд хөрөнгө оруулагчид тогтмол үнэт цаас руу хөрөнгө оруулах хандлага өндөр байна.


Эдийн засгийн идэвхтэй байдлын үзүүлэлтүүд хүлээлтээс давж, 1–2-р сарын үйлдвэрлэл 6.3%, жижиглэн худалдаа 2.8%, үндсэн хөрөнгө оруулалт 1.8% өссөн нь эдийн засгийн эхний улирлын сэргэлт тогтворжиж болзошгүйг харуулав. 


Үл хөдлөх хөрөнгийн салбар сул байдалтай ч тогтворжих шинж илэрч, 70 хотын шинэ орон сууцны үнэ 0.28% буурсан нь өмнөх сараас саарсан, хуучин орон сууцны үнэ 10 сарын хамгийн бага бууралттай (–0.43%) гарсан нь салбарт уналт удааширч байгааг харуулав. Шанхай, Бээжин зэрэг томоохон хотуудад гадаад оршин суугчдын худалдан авалтыг дэмжих бодлого зөөлрүүлсэн нь эдийн засгийг тогтворжуулах зорилготой алхмуудын нэг болов.

МАКРО ҮЗҮҮЛЭЛТҮҮД ТАРХАХ ХУВААРЬ | 2026.03.23 - 03.27

🔎 ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ

Бодлогын хүүг хэвээр үлдээсэн шийдвэр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан нь эдийн засгийн бодлогод тогтвортой байдал, болгоомжлолыг баримталж буй дохио юм. Инфляц буурч, дотоод эдийн засгийн идэвхжил сайжирч байгаа ч гадаад орчны тодорхой бус байдал, геополитикийн эрсдэл өндөр хэвээр байгаа энэ үед бодлогын хүүг өөрчлөхөөс зайлсхийх нь эрсдэлийг зөөлрүүлэх зорилготой сонголт гэж үзэж болно.

1️⃣Үнийн тогтвортой байдлын хувьд уг шийдвэр инфляцын буурах эерэг хандлагыг хадгалахад чиглэж байна. Хэрэв бодлогын хүүг одоо бууруулбал эрэлт огцом нэмэгдэж, хүнс, шатахуун зэрэг нийлүүлэлтийн шинжтэй үнийн дарамтыг улам хүчтэй болгох эрсдэлтэй. Харин нэмэгдүүлсэн тохиолдолд эдийн засгийн өсөлтийг сааруулах магадлалтай. Иймээс хүүг хэвээр үлдээх нь инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах хамгийн тэнцвэртэй хувилбар болж байна.

2️⃣ Зээл, санхүүгийн салбарт бодлогын хүүг хадгалах нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээл авах, хөрөнгө оруулалт хийх шийдвэрт гэнэтийн өөрчлөлт оруулахгүй. Энэ нь банкны салбарын зээлийн чанар, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалж, зах зээлд тогтвортой хүлээлт бий болгох чухал ач холбогдолтой. Өндөр хүүгийн орчин хадгалагдаж буй хэдий ч огцом хатгах бодлого хэрэгжүүлээгүй нь бизнесийн орчныг тогтвортой байхад дэмжлэг үзүүлнэ.

3️⃣Эдийн засгийн өсөлтийн хувьд энэхүү шийдвэр нь уул уурхай, томоохон төслүүдээр дэмжигдэж буй өсөлтийг хэт өдөөхгүйгээр, мөн сааруулахгүйгээр потенциал түвшинд нь хадгалах бодлогын зорилготой нийцэж байна. Өөрөөр хэлбэл өсөлт ба тогтвортой байдлын хоорондын тэнцвэрийг хадгалах “зөөлөн удирдлага” хэрэгжиж байна.

4️⃣Гадаад орчин, валютын ханшийн хувьд бодлогын хүүг хэвээр байлгах нь төгрөгийн ханшид дарамт үүсгэхгүй, гадаад санхүүгийн зах зээл дээрх савлагааны нөлөөг сааруулахад дэмжлэг үзүүлнэ. Геополитикийн эрсдэл өндөр үед бодлогын тогтвортой байр суурь нь санхүүгийн системийн итгэлцлийг хадгалах гол хүчин зүйл болдог.

🧭 Дүгнэлт

Бодлогын хүүг хэвээр үлдээсэн нь инфляцын эрсдэлийг хянах, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах, эдийн засгийн өсөлтийг тэнцвэртэй хадгалах чиглэсэн стратегийн шийдвэр юм.

Цаашдын бодлогын чиглэл инфляц, гадаад орчны эрсдэлийн өөрчлөлтөөс шууд хамаарч, өгөгдөлд суурилсан уян хатан байдлаар тодорхойлогдох төлөвтэй байна.

🧑‍🏫 ТАНЫ МЭДЛЭГТ | Хүүгийн өөрчлөлт хэзээ болох вэ?

Товчоор хэлбэл, яг хэзээ өөрчлөгдөнө гэх тодорхойлох боломжгүй. Учир нь бодлогын хүүг Монголбанкны Мөнгөний бодлогын хороо эдийн засгийн бодит нөхцөл, эрсдэлд тулгуурлан шийддэг.

Дараах нөхцөлүүд өөрчлөгдсөн үед хүүг өөрчлөх магадлал бодитой болно:

  1. Инфляцын чиглэл тодорхой болох
    • Инфляц тогтвортойгоор зорилтот түвшинд ойртож, хүнс, шатахууны үнийн эрсдэл намжвал хүү буурах боломж нээгдэнэ.
    • Харин инфляц дахин эрчимжвэл хүүг хэвээр хадгалах эсвэл нэмэгдүүлэх үндэслэл үүснэ.
  2. Гадаад орчны эрсдэл багасах
    • Геополитик, түүхий эдийн үнийн савлагаа, дэлхийн санхүүгийн зах зээлийн тодорхой бус байдал буурвал бодлогын орон зай тэлнэ.
  3. Эдийн засгийн өсөлт ба зээлийн нөхцөл
    • Өсөлт саарч, зээлийн идэвх хэт хумигдвал хүүг бууруулах хэрэгцээ үүсч болзошгүй.
    • Харин эдийн засаг “хэт халж” эхэлбэл эсрэгээрээ шийдвэр гарна.

⏱️ Хугацааны хувьд

Мөнгөний бодлогын хороо жилд тогтмол (ойролцоогоор улирал тутам) хуралддаг. Тиймээс хэрэв өөрчлөлт гарвал дараагийн хэдэн хурлын аль нэг дээр, өөрөөр хэлбэл 2026 оны хоёрдугаар хагасаас нааш бодлогын нөхцөл тодорхой болсны дараа гарах магадлал хамгийн өндөр.

Logo

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

⚠️ Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн харилцагчдад мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалтын зөвлөгөө, үнэт цаас худалдах, худалдан авах санал биш юм. Мэдээллийн үнэн бодит байдалд шаардлагатай хяналт хийгдсэн ч баталгаа өгөхгүй. Уг мэдээллийг ашигласнаас үүссэн аливаа хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.